|
Монгол газар ээлжит ардчилсан хөдөлгөөн дэгдээд хорин жил болж. Монгол хүн болсных өөрийн гэсэн итгэл үнэмшил, шүтлэг бишрэлтэй явах эрх дахин нээгдээд ийм хугацаа өнгөрч. Энэ талаар эргэж харж, эргэцүүлж цэгнэх цаг ирж.
Гурван сая хүрэхгүй хүнтэй, дөрвөн живаад торохгүй малтай, хоёр хөрш том зах зээлтэй, хоёр гурван төрийн нүүр үзсэн эрдэмт мэргэдтэй, хорин жил хүртэл төр барьсан “эрхэм гишүүдтэй”, газрын хэвлийд яндашгүй баялагтай, тэнгэрийн заяат Монгол орон, монгол олон юу нь буруудахаараа өнөөдөр ингэж хүний адаг, хөлийн тавагт орж, “ард олны хөдөлгөөн” давалгаан, арай хэтрэхээрээ савалгаан болж, албаны байшин шатаж, алтан амь үрэгдэж, эцсийн дүндээ “эмх замбараагүй байдлын” хаяг шошго хүртэл зүүдэг байна аа. Амжилт, алдаа хоёрын аль алийг нь дагуулсан, “ардчиллын” хувьсгалуудаа эргэж нэг харъя. Юу хөндсөн, юуг эс хөндсөнийг нь үзье. Ялангуяа ертөнцийг үзэх үзэл буюу итгэл үнэмшлийн гол нуруу талаас нь сөхөж, өвгөдөөс өвлөсөн үнэний хураангуй-зүйр мэргэн үгээр нэхэж нэг үзье. Алс явж айлаас эрэлгүй авдраа уудалъя. “Биеэ мэдвэл хүн. Бэлчээрээ мэдвэл мал.” Ертөнцийг үзэх монгол ухааны товчоон энд нуугдаж, хүмүүн та хаанаас гарвальтай, хэний удам хэн болохоо мэд хэмээжээ. Энэ талаар хоёр үндсэн үзэл бий. Үүнд: 1. Туурвигч ЭЗЭН Тэнгэрбурхан, тэнгэрлэг төрхөөрөө хүнийг бүтээсэн хэмээх Бүтээлийн онол буюу Креационизм. 2. Хүн дүрст бичний урт удаан хугацааны хувирлын дүнд хүн үүссэн гэх Түүхэн хөгжлийн онол буюу Эволюционизм. Дээрх хоёрын нэг нь л үнэн байх учиртай. Үүнээс уламлаад: “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас.” гэсэн нь, улс гэрээ төвхнүүлэхийн тулд эхлээд хүмүүн өөрийгөө төлөвшүүлэх учиртай гэсэн үг аж. Хүн нийгмийн хувьсгал бол хүний л хувьсгал. Хүн гэмээнэ бие, оюун, сэтгэл, сүнснээс бүрддэг бол энэ бүгдийг нь иж бүрэн засаж байж л их хэрэг бүтнэ. Саяхан, “Амлалт нэхэх” хөдөлгөөний үеэр өдгөөгийн өндөрлөгийн зарим “томоохон” төлөөлөгч: “Бид хувьсгалаа хийчихсэн. Одоо хувьсгалын тухай яриа байж болохгүй” гэх маягийн мэдэгдэл хийж байгаа харагдана лээ. Тийм ээ, хувьсгал хийсэн. Гэхдээ юуны түрүүнд ЭДИЙН ЗАСАГ (“оикос” - гэр орон+“номос”-засахуй ухаан=гэрээ засахуй буюу “оикономи” гэдгийг оросоор “экономия”, утга шилжээд “хэмнэх” “гамнах” гэж орчуулсан. Манайхан үүнийг “эдийн засаг” гээд зээлдчихсэн нь тэр л утгаараа хэрэгжиж, өргөн олноос өмчийг нь харамлаж, өндөр хэргэмтнүүд өөртөө хураасан өнөөх эддээ засаглуулж өеөдчихөөд босож чадахаа байдаг) буюу ОЛГОЙНЫ хувьсгал хийсэн. Тэрчлэн, УЛС ТӨР (“политикос”- улс нийгмийн хэрэг гэдгийг мөн оросууд “политика”, нөгөө утгаараа “бодлого” гэснийг “улс төр” гэж орчуулснаа улс гэдэг бол түмэн олныг биш төр засгийнхныг л боддог учиртай гэсэн маягаар хэрэгжүүлээд, улсын буюу төрийнхний өмч хөрөнгө, эрх мэдэл л чухал гэх) буюу ТОЛГОЙНЫ хувьсгал хийсэн. Шашин суртал, итгэл бишрэл нь дээрх хоёрынхоо аяст зохицосхийж, дэг жаягаа зохиосхийн хувьсаж дагалдаж ирсэн байна. Өөрөөр хэлбэл хүмүүний бие, оюуны хүрээнээс эс хэтийдэн, сэтгэлийн захыг шүргэсхийсэн хувьсгалууд болж иржээ. Жаахан тодруулж үзье. 1911 он - Үндэсний эрх чөлөөний хувьсгал. Манай хоолыг манжууд идээд байна гэж булаалдаад буцааж авсан хэрэг. Эдийн засаг буюу хүнсний, өөрөөр хэлбэл олгойны энэ хувьсгалыг Үндэсний ардчилсан хувьсгал гэж оношилсон. Гадаадын гараас газар нутгаа салгасан нь том ололт байсан. Ертөнцийг үзэх үзэл талаас бол сайндаа л “бурхан багш бүхнийг бүтээсэн” гэж хариулах хэдэн хүнийг өрөөсөн дугуйгаар нь сольсон. Шүтлэг бишрэлийн үүднээс гэвэл олон бурхантан буюу политеист политеистээрээ үлдсэн. Өргөн түмэн өөрийн дураар жаргах биш, харин өөрийнх нь ноёд өнөөдүүлийнхээ толгой дээр дургих болсон. Манж сарвуу, хятад савраар солигдсон. Авилга шуллага, аллага таллага гаараад, ахин хувьсах хэрэгцээг өдөөсөн. 1921 он - Ардын хувьсгал. Харь Хятад хийгээд хар, шар феодалыг ард олон сөрсөн. Ноёд баяд идээд байна, ноомой ядуус өлдөөд байна гэсэн мөн л хүнсний зодоон. Тэмцэж боссон, тэгээд дийлсэн. Үүнийг Ардын ардчилсан хувьсгал гэж дүгнэсэн байдаг. Ертөнцийг үзэхүй хийгээд итгэл бишрэлийн тавцанд бол политеизмыг атеизмаар өөрчилсөн буюу “олон бурхантнуудыг” “огт бурхангүй” гэгдэгсэд орлосон. Бүтээгч Тэнгэрбурханыг үгүйсгэсэн алдаа, бүтээгдсэн хиймэл шүтээнийг үйсэн ололт хоёул давхацсан. Товчдоо, Марксизмын тугийг магнай дээрээ мандуулсан. Тодруулсхийвэл, хувийн өмчийг улсынхаар халж капиталын замыг алгасаад социал эдийн засагт шилжсэн. Нэг намаар удирдуулж, нэгэн суртлаар зэвсэглээд, Нийгэм журмаар уламлан Эв хамтыг зорьсон. Нэг л мэдэхнээ нь Эв хамт шашинтай, энхрий нам шүтээнтэй, худал онолын хударгатай, хувьсгалч удирдагч хуврагтай, амандаа жаахан сүртэй, ахдаа баахан “өртэй”, арчаагаа алдсан улс орон 1990 онтой золгосон. 1990 он-Ардчилсан хувьсгал. Марксизмын урхаг, МАХ намын уршиг, хуучин суртлыг халах гээд хушуурч шуурсан цаг. Үүнийг жинхэнэ Ардчилсан хувьсгал гэж нэрийдсэн. Олон ардын оюун сэтгэхүйн эрхчөлөөг нээсэн ололт, оносон оноогүй “олон ургальч үзэл” гэж хөөрцөглөсөн алдаа хоёр аанай л зэрэгцсэн. Марксизмын бүрэлдэхүүн гурван хэсгийн Социалист улс төр, эдийн засгийн ухаан, Шинжлэх ухааны коммунизм хоёроос татгалзсан атлаа Материалист гүн ухааныг нь буюу ядахнаа л атеизмыг монотеизмээр буюу эволюционизмыг креационизмаар солихоо мартчихсан. Ядаж л өөрийгөө ардчилагч гэж үзэж байгаа бүхэн ингэх учиртай. Гэхдээ, хэргийн гол учир нь та ардчилагч гэдэгт биш харин энэ үзэл онол нь үнэн зөв гэдэгт байгаа юм. Манайхан ардчиллын бараг бүх онолыг оромдож, хэлбэрийг хэлтэлсэн гэж болох байна. Ардын ардчилсан хувьсгалыг социалист ардчиллаар хөгжүүлж, зах зээлийн ардчиллыг захаас нь аваад зээлдэх хэлбэрээр хогжуулж, олон ургальчлалын онолоор баахан нам байгуулж төөрүүлээд, төлөөлөгчдийн ардчиллыг элитийн ардчилалтай эрлийзжүүлэн “төр-бумтан” төрүүлээд, зөвшлийн ардчиллыг эвслийн засгаар орлуулаад, санал асуулгын ардчилал гэхээр сандарсхийж, саналын хайрцаг сольдог туршлагыг санасхийж ёстой сонин маягийн “сонгодог” ардчиллыг сунгадаг аргаар хийж явнам бололтой. Уг нь, өмнө цагт бол, өмхөрч мөхөж буй империалист хөрөнгөтний буюу шашины үзэл гээд халгаадаггүй байсан өнөөх идеализмыг хүлээн зөвшөөрөх, түүгээр ч барахгүй үзэл онол, үнэмшил итгэл болгох учиртай байж. Тэгтэл энэ тухай бодох байтугай мөнхүү идеализмын маань жинхэнэ “идеал” нь болсон ЭЗЭН Тэнгэрбурханаа огоорсон. Нэвт халиаж, нэгд нэгэнгүй болгоон шүүдэг, туйлын ариун, шударга атлаа хайр энэрэл төгс дүүрэн, нэг л Эцэг Тэнгэрбурханаа уул овоо, ургамал амьтан, удган зайран, лам хувраг, лус савдаг, аав ээж, адаг сүүлд нь өөрөөрөө сольсон. Үүний улмаас бузар булай, бурангуй харанхуй бүхэн газар авч, нийгмийнх нь суурь ганхаж, эдийн засаг хямраад, эрх баригсад нь идэж ууж, илүү дутуугаас нь “төр-бумтан” төрж, гадаадын хөрөнгө оруулалт нэрээр үндэсний баялгийг үрэн таран хийсэн. Мөн л хэн илүү идэх буюу олгойны, хэн дээр нь суух буюу толгойны, хичнээн ч шашин байсан яахав, гэхдээ арай танил нь шарын шашин юм уу даа гэх сэтгэлзүйн хэмжээний хувьсгал. Үүний эцсийн үр дүнг эсэргүүцсэн эгдүүцсэн олны хөдөлгөөн өрнөж, сонгуулийн булхай, олигархийн зальхай (“олиг” “архи” мэт дуулддаг ч “олигос”-цөөн, “архэ”-засаглал буюу архинаасаа ч олиггүй эд болсон “цөөнхийн дарангуйлал”) хоёр даарин дээр нь давс нэмсээр. Өнөөдөр бол Монголын түүхэнд урьд хожид хэзээ ч үзэгдээгүй хүн чанарын доройтол ялзрал, хөрөнгө чинээний торойтол ялгарал, ёс суртахууны унал буурал, ёр бүхэн нүүрлэсэн цаг. Одоо дахин тэмцэн босохоор оролдож байгаа энэ олон түмэн маань эх язгуур болсон Тэнгэрбурханаа таньж, эрхэмлэж дээдлэх, ичих эмээхүйн учир шалтгаанаа эс бариваас эгээ л мөнөөх эцэг эхийнхээ алдааг давтаж, амссаныг амтлахаас үл хэтрэх цаг дор тулж иржээ. Үйлдвэрлэх хүчин үйлдвэрлэлийн харилцаа тохирохоо болиход хувьсгал гарна гэсэн нэгэн аксиом бий. Өмнөх бүх хувьсгал маань үүнийг нуталсан ч, “үйлдвэрлэх” хүчнийх нь үндсийн үндэс болсон Аугаа их хүчийг анзаараагүйгээс аль нь ч туйлын зорилгодоо хүрч чадаагүй. Нэг мөлжлөгийг нөгөө мөлжлөгөөр арилжиж, нөгөөдүүлийгээ халж солихоос авахуулаад алж талахад хүрсэн. Ингэв гээд бахь байдгаараа. Энэ бол “бидний улс-бичний удам” хэмээсэн үхширлээс эс хэтрэн, манж амбан, хятад данжаад, түвд ламтан, зөвлөлт мэргэжилтэн, америк зөвлөх, солонгос менежерийн амаар аялдаж, замаар аялаж ирсэн сармагчин төст амьдралын маань эрлийн үр, эцсийн дүр. Ихэс өтгөсийн ухааныг эргэж нэг товчоолбол: “биеэ зас” буюу “бичний монш биш, ЭЗЭНий түнш гэдгээ мэд” хэмээсэн “ГҮН УХААН; “гэрээ зас” буюу “оикос номоо хичээ” хэмээсэн “ЭДИЙН ЗАСАГ”; тэгээд “төрөө зас” буюу “айл гэр болж тогловол тогло” гэсэн “УЛС ТӨР” гурвыг Маркс байтугайгаас нь өмнө манай өвөг батлаад баринтаглачихсан юмсанж. Үүнийг анзаарч, үндэс сууриар нь эргүүлсэн бол ШУКО буюу Шинжлэх Ухааны Коммунизмын Онолд үнэмшин “Шал Утгагүй Коммунизмаар Оролдож”, “Шинэ Урагшлалыг Капиталхнаар Оромдож”, “Шуудхан Уруудсаар Катастрофт Орох” учиргүй байж. Ухаарч мэдээгүйгээс болоод ийм байдал хүрсэн бол гэнэн хэрэг. Үүнийг уучилж болно, өмнөхийг өөрчилж болно. Харин, ухуулж хэлээд байхад үл тоомсорлон өмнийн алдааг давтах аваас гэмт хэрэг. Үүнийг өршөөж үл болно, үнэндээ ч өөрчлөгдөж эс чадна. Энэ бүхнийг мэдэж мэдэрч байгаа хүмүүс цөөнгүй бий гэж бодно. Гагцхүү цагийн аясыг харах, цалин пүнлүүнд ханах, цаг завгүй зүтгэх, цаашихыг нь дутуу сэтгэх гээд үүнийг одоохондоо эс сөхөх, үл нэхэх шалтаг шалтгаан байгаа хэрэг биз. Биеэ эс мэдвээс, мэдээд үл засваас, гэрээ хэн засах, төрөө хэрхэн түших. Эзэн бид нь биеэ эс мэдвээс хэдэн мал нь бэлчээрээ яаж мэдэх. Мэдэх байтугай хүн мал хоёулаа идэх ч юмгүй болж байх шив дээ. Энэ хоёр цаанаа ихэд нарийн учир уялдаатай юм шүү. Үүнийг түр түдье. Нүхэнд унасан хүн өөрийгөө татаад гаргасан түүх хэзээ ч үгүй. Хэн нэгэн татаж чангааж л гаргана. Бүхэл бүтэн улс үндэстнийг бүдүүлэг харанхуйн аламнаас хэн, хэрхэн татах?! Хүнсний оршихуй болсон газраас бус Сүнсний орчихуйг олсон тэнгэрээс тэр тусмаа эрин зууны алсад эцэг өвгийг минь өргөж босгосон тэрхүү Тэнгэрбурханаас татаж гэмээнэ сая учир ургана. Олгой, толгойн хэмжээнд бус орвонгоороо хувирах учиртай байна. Үүний тул эрж иртүгэй, бодож болгоотугай. В.Дүгэрмаа
 |